Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2024

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Есөн жилийн турш хэрэгжих нүсэр том хүчин чармайлтын хоёр жил нь харван өнгөрчээ. Төлөвлөгөөний зорилтууд нь Бурханы анд нөхдийн сэтгэлд гүн бат суугаад байна. Нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл явцыг цаашид тэлэх, мөн нийгмийн гүн гүнзгий хувьсал өөрчлөлт гаргахад юу шаардлагатай байгаа талаарх ойлголт Бахайн ертөнц даяар улам гүнзгийрэн нэмэгджээ. Гэвч өдөр өнгөрөх тусам дэлхийн нөхцөл байдал улам найдваргүй болж, хагарал бутрал нь улам ширүүсэж байгааг ч бид харж байна. Нийгэм доторх болон үндэстэн хоорондын хурцадмал байдал ширүүсэж байгаа нь ард иргэд, газар нутагт олон хэлбэрээр тусаж байна.

Энэ нь ухамсарт хүн бүрээс хариу үйлдэл үзүүлэхийг шаардана. Хамгаас Агуу Алдарын нийгэмлэг нь нийгмийн зовлон шаналлыг биеэрээ амсахгүй хэмээн найдаж болохгүй гэдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ. Тус нийгэмлэг хэдийгээр эдгээр зовлон зүдүүрийг биеэрээ амсаж буй боловч түүнд самгардан барьц алдах нь үгүй, хүн төрөлхтөн зовж шаналж байгаад харамсаж буй хэдий ч уймран хөших нь үгүй. Чин сэтгэлийн зовнил нь цөхрөлийн оронд итгэл найдвар, зөрчил мөргөлдөөний оронд эв нэгдлийг бий болгож чадах тийм нийгэмлэгүүдийг бүтээн байгуулах тууштай хүчин чармайлтад түлхэц үзүүлэх учиртай.

"Хүн төрөлхтний хэрэг явдал аажмаар уруудан доройтох" үйл явц нь "хүн төрөлхтний авралын Хөлөг" буюу нийгмийн "эцсийн орогнол"-ыг бүтээн босгож буй өөр нэгэн үйл явц болох нэгдэн нягтрах үйл явцтай хэрхэн зэрэгцэн өрнөж байгааг Шоги Эффенди тодорхой тайлбарласан билээ. Улс орон, бүс нутаг бүрт энх тайвны төлөөх жинхэнэ тэмцэгчид энэхүү орогнолыг бүтээн байгуулах гэж завгүй хөдөлмөрлөж байгааг хараад бидний сэтгэл баяснам. Үүнийг бид хэн нэгний зүрх сэтгэл Бурханы хайраар бадарч буй, аль нэгэн айл өрх үүд хаалгаа шинэ найз нөхдөдөө нээж өгч буй, хэсэг хамтран зүтгэгч нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бахауллагийн сургаалыг ашиглаж буй, аль нэгэн нийгэмлэг бие биеэ харилцан дэмжих соёлыг бэхжүүлж буй, аль нэгэн бичил хороо эсвэл тосгоныхон оюун санааны болон материаллаг хөгжил дэвшлээ хөхиүлэн дэмжихэд шаардлагатай үйл ажиллагааг эхлүүлж, тууштай авч явах талаар суралцаж буй, мөн Оюун санааны Чуулга шинээр бий болох адислал аль нэгэн нутагт хүртээгдэж буй тохиолдол бүрээс гэрчлэн харж байна.

Төлөвлөгөөний арга барил, зэмсэг хэрэгслүүд нь хүн төрөлхтний өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахад хувь нэмрээ оруулах боломжийг хүн бүрт олгож байгаа билээ. Төлөвлөгөөний хэрэгжилт бол тухайн үеийн эмгэг зовиурыг түр дарах эмчилгээг санал болгох биш харин улс нийгэм бүрт үе дамжин өрнөх урт хугацааны, бүтээлч үйл явцыг эхлүүлэх арга хэрэгсэл юм. Энэ бүхэн нь хойшлуулшгүй бөгөөд гарцаагүй нэгэн дүгнэлт хийхийг шаардаж буй нь: энэхүү үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд цаг зав, эрч хүч, анхаарлаа төвлөрүүлж буй хүмүүсийн тоо тогтвортой хийгээд хурдацтай өсөн нэмэгдэх ёстой.

Хүн төрөлхтөн нэг хэмээх Бахауллагийн зарчмаас л биш бол өөр хаанаас дэлхий ертөнц янз янзын бүрэлдэхүүн элементуудыг нь нэгтгэж чадахуйц өргөн алсын харааг олох билээ? Энэхүү зөн харааг ялгаатай ч эв нэгдэлтэй байх зарчимд суурилсан эмх журам болгон амьдралд хэрэгжүүлэхээс өөр яаж дэлхий ертөнц өөрийг нь хувааж буй нийгмийн хагарал бутралыг анагааж чадах билээ? Дэлхийн хүн ардад амьдралын шинэ хэв маяг, тогтвортой энх тайванд хүрэх замаа нээхэд нь туслах исгэгч хөрөнгө нь өөр хэн байх билээ? Тиймээс нөхөрлөл, хамтын зүтгэл, хамтын үйлчилгээ, хамтран суралцахуйн гараа хүн бүхэнд сунгаж, нэгэн хүн адил урагшил.

Залуучууд Бахауллагийн зөн хараанд амилан бадарч, Төлөвлөгөөний хошуучлан түүчээлэгч болсноор ямар их эрч хүч, хүч чадал тухайн улс нийгэмд бий болдгийг бид сайн мэднэ. Иймээс, Бахай залуус ямар их нинжин сэтгэл, эр зориг, Бурханд төгс итгэх итгэлээр үе тэнгийнхэндээ хүрч, тэднийг энэхүү ажил үйлсэд урин оролцуулах ёстой билээ! Бүгд өндийн босох ёстой бол залуучууд дүүлэн нисэх ёстой.

Өнөө цагийн нэн яаралтай даалгаврыг биелүүлэхдээ үйлчилгээнээс төрдөг онцгой баяр баясгаланг мартах ёсгүй ээ. Үйлчлэхүйн уриа дуудлага бол сэтгэл бадраам, бүхнийг хамарсан дуудлага юм. Энэ нь үнэнч сэтгэлтэн бүрийг урин татна, тэр дундаа олон ч зүйлд сэтгэл зовнин, үүрэг хариуцлагадаа дарагдсан нэгнийг ч хүртэл урин дуудна. Учир нь тэрхүү үнэнч сэтгэлтний завгүй хийж буй бүхий л зүйлээс гүн бат бишрэл, бусдын сайн сайхны төлөөх насан туршийн сэтгэл санааг олж мэдрэх боломжтой юм. Ийм чанарууд нь олон төрлийн хэрэгцээ шаардлага дүүрэн амьдралд нь уялдаа зохицол бий болгож өгдөг. Сэтгэл бадран ассан ямар ч хүний хувьд хамгийн нандин цаг мөчүүд бол оюун санааны шим тэжээл хэрэгтэй байгаа нийгмийг тордон асрахад оюун санааны ахан дүүсийнхээ хамт зориулсан цаг мөчүүд юм.

Та нарыг өсгөн өндийлгөж, Өөрийн замналд та нарыг сурган төлөвшүүлсэнд бид Ариун Бунхануудад бялхам сэтгэлээр Бахауллад талархал өргөж, адис буянаа та нарт хайрла хэмээн Түүнээс залбиран гуйж байна.

 

Windows / Mac